Бүтээмжийн менежмент 5f –ийн тухай ойлголт
Энэ хорвоод хүн болж мэндлэн, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүр өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй байдаг. Тэр тусмаа хөгжлийн гарцыг хөтлөн явах ирээдүйн залуус бидэнд амжилт гэдэг зүйл томоохон мөрөөдлийн нэг нь билээ.
Амжилтанд хүрэхийн тулд хувь хүн бүр маш их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Хэзээ ч амжилт өөрөө ирдэггүй учраас үр бүтээлтэй зүйл хийхийн тулд маш их мэдлэг хуримтлуулах хэрэгтэй болдог. Ер нь аливаа амжилтын үндэс нь тухай хувь хүнээс 10 хувийн авъяас, 90 хувийн хичээл зүтгэлийг шаарддаг гэсэн үг ч байдаг.
Тэгвэл амжилтанд хүрэхийн тулд бид юуг яаж хийх хэрэгтэй вэ? Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үе үеийн эрдэмтэн судлаачид олон жилийн турш тохиромжтой арга замуудыг эрж хайсаар ирсний үр дүнд хүний амжилтын таван үндсэн зарчмыг нээн илрүүлсэн байна. Энэ нь харьцангуй шинэ онол юм.
Энэ таван үндсэн зарчмыг дурдвал:
1. Төвлөрөл
2. Уян хатан байх
3. Хурдтай байх
4. Найрсаг байх
5. Хөгжилтэй байх
Эдгээрийг тус бүрд нь тодорхой авч үзье.
1. Төвлөрөл (Focus)
Хүн ямарваа зорилгод төвлөрч амирлан ахуйд орох нь сэтгэлээ төвлөрөх орон болгох гэсэн үг юм. Өөрөө хэлбэл сэтгэл хийгээд өөрийн мөн чанарыг тодорхойлж хүн өөртөө сэтгэлгээний шинэчлэл хийх эхлэл болно.
2. Уян хатан байх (Flexible)
Уян хатан байж сурна гэдэг нь зохицон амьдрах чадварт өөрийгөө бэлтгэнэ гэсэн үг юм. Хэдийгээр хүн мэдэхгүй зүйлээ сурч, айдсаа даван гарч, залхуу байдлаа сахилга батаар сольж болох ч аливаад хандах чанар нь уян хатан бус байвал, хүн аюултай байдалд өөрийгөө авчирснаа ойлгох хүрнэ. Учир нь уян хатан бус чанар нь “хүнийг устгах үр үндэс”-ийг өөртөө тээж байдаг. Уян хатан чанартай хүмүүс гацаанд удаан суудаггүй. Багийн хамтран тоглолт ба хувь хүний гөжүүд зан хоёр хэзээ ч зэрэгцэн оршиж чадахгүй юм. Нэг бол гөжүүд зан багийг эвдэнэ. Эсвэл баг гөжүүд занг өөрчлөхөөс аргагүй байдалд хүрнэ. Багт хамтран тоглож буй хүн бусадтайгаа хэл амаа ололцож ойлголцож, уян хатан байж сурах шаардлага зайлшгүй гарч ирдэг байна.
3. Хурдтай байх (Fast)
Энэ нь оюуны сэтгэлгээний цараа болон бие махбодийн хэмнэлийн нийлэмжээр тодорхойлогдоно. Хүний сэтгэлгээ хөгширөхөд хүн сая өтөлдөг гэдэг. Тархинд өрнөж буй үйл явц, дамжиж буй мэдээллүүд, тэр ч бүү хэл тархи маань өөрөө бүхэлдээ цацаргасан, чөлөөт нейронуудын эцэс төгсгөлгүй орооцолдсон холбоост бүтэцтэй байдаг. Энэхүү бүтцийн цаана хүний задгай сэтгэлгээ нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл задгай сэтгэлгээ бол хүнд заяагдмал шинж юм.
4. Найрсаг байх (Friendly)
Найрсаг байдал болон хүндлэлээс хэзээ ч муу үр дүн гардаггүй. Энгийн өдөр тутмын амьдралын аар саархнаас эхлүүлээд улс гүрнүүдийн харилцаанд ч найрсаг байдал гол үүргийг гүйцэтгэнэ. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон зөв харилцааныхаа хүчээр Умард Солонгосын удирдлагатай учраа олж хоёр иргэнээ шоронгоос суллаад ирж байжээ. Клинтоны найрсаг байдал хоёр иргэнийхээ хувь заяаг сайнаар өөрчилж чадсан юм. Найрсаг байхын учир хийгээд үр дүнг эндээс харж болох юм. Зохистой харилцаанд хэд хэдэн зүйлийг анхаарч байх нь зүйтэй. Үүнд:
Ø Хүндэтгэлтэйгээр мэндлэх
Ø Хүнийг бусдын дэргэд шүүмжлэхгүй байх
Ø Хүмүүстэй илэн далангүй, шударга харьцах
Ø Хүмүүсийг үнэлж хүндлэн, тэдэнд өөрсдийг нь чухал хүндтэй хүн болохыг нь мэдрүүлэх, магтах зэрэг болно.
5. Хөгжилтэй байх (Funny)
Энэ нь бусдыг өөртөө татах чадвар буюу манлайллын тухай асуудал юм. Харилцаан дахь хэл яриа болон биеийн хэлэмжээрээ хошин хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлснээр хүмүүсийн анхаарлыг маш хурдан татаж төвөггүй ойлголцох гайхалтай гүүр болж чадна.
Эдгээр зарчмууд нь орчин үеийн бизнесийн чиг хандлагыг харуулдаг байна.
Эцэст нь хэлэхэд бүтээмж нь хүний оюун санааны хэрэг бөгөөд хөгжил дэвшил, тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварт хүрэх, аливаа хаягдал гологдолгүйгээр ажиллах, амьдрах өөдрөг сэтгэлгээ, өөдлөн дэвжих ухамсар билээ.